Улсын клиникийн төв эмнэлгийн Эртхэн шилжүүлэн төвийн дарга П.Батчулуунаас зарим зүйлийг тодруулав.
-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс дөрөвдүгээр сарын сүүлчээр эмгүй болж магадгүй байдалд хүрчээ. Хэрэв эм нь тасарвал ямар хүндрэл гарах вэ?
-Хүнээс авсан эрхтнийг нь өөрийнх нь биед дасгах гэж дарангуйлах эм уулгадаг нэг ч өдөр тус эмийг хэрэглэхгүй байж болдоггүй. Яагаад гэвэл шилжүүлэн суулгуулсан эрхтэн ховхорчих гээд байдаг. Тухайн эрхтэн байнга өөр хүнийх гэдэг дохио өгч байдаг учраас эмийг тасалж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, байсхийгээд хариу урвал мэдрэгддэг. Хэрэв эмийг нь тасалчихвал шилжүүлэн суулгасан эрхтэн ховхрох аюултай. Нэгэнт ховхорчихвол буцаад эвэнд ордоггүй нарийн түвэгтэй эд шүү дээ. Шилжүүлэн суулгуулсан эрхтнээ ховхруулчихсан хэд хэдэн тохиолдол гарч байсан. Бусдаас авсан эрхтнээ хамгаалж чадахгүй бол тэр хүн дууслаа л гэсэн үг. Хагалгаа хийлгэсэн газрууд өөр өөрийнхөө арга барилаар эмчилгээ хийдэг. Дэлхийн жишгээр эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүнд эхний үед гурван төрлийн эм уулгадаг. Тэгээд эрхтэн нь тухайн хүний биед дасаж эхлэхээр нь нэг болгож эмийн тоог цөөрүүлдэг. Ингээд нэг эмийг насан туршдаа уух шаардлагатай.
-Амархан дасан зохицдог эрхтэн байдаг уу?
-Элэг хамгийн амархан дасан зохицдог эрхтэн. Бөөр, нойр булчирхай бол хэцүү. Ялангуяа нойр булчирхай бол амаргүй. Манайхан шилжүүлэн суулгана гээд яриад л байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эм, тариаг таслахгүй байх хэрэгтэй. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг өндөр хөгжилтэй орны эмч нар л хийдэг. Манай эмч нар энэ мэс заслыг хийж байгаа нь том дэвшил. Эрүүл мэндийн салбарын хөгжлөөс нэг алхам түрүүлж буй үзэгдэл.
Гэтэл манай эрүүл мэндийн салбар социалист нийгмийнхээ арга барилаас гарч чадахгүй байна шүү дээ. Социалист нийгмээр үлдсэн салбар гэж тодорхойлоход хилсдэхгүй. Хүн бол нийгмийн хамгийн үнэт баялаг. Харин энэ үнэт баялаг үнэ цэнэгүй болчихоод байна. Үнэт баялгаа хамгаалахын тулд эрүүл мэндийг нь хамгаалах хэрэгтэй. Энэ салбарыг өөрчилнө гэвэл маш их мөнгө, цаг хугацаа шаардана. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс, цусны өвчтэй хүүхдүүд, хорт хавдраар шаналж байгаа хүмүүсийн эмэнд зарцуулдаг мөнгийг төр танах хэрэггүй юм.
Өнөөдөр ийм хүмүүсийн эмийн мөнгийг хасч байгаа бол хүнээ үнэгүйдүүлсэн хэрэг. Монголчууд жилд 60 тэрбум төгрөгийн эм уудаг. Зөв бурууг нь ялгаж, салгаж хэмнэх нь зүйтэй болов уу. Хэмнэмээр байвал бусад эмийн зардлаа тана. Ард түмний амьдрал сайнгүй байгаа. Улсын хэмжээнд диализын 95 аппарат бий. Үүнд одоогийн байдлаар 300 гаруй хүн орж байна. Эд бүгдээрээ бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай. Гэвч мөнгөгүй учраас аппаратаар аргалаад өдөр хоногийг өнгөрөөдөг. Сингапурт эрхтэн шилжүүлэн суулгуулахад 90 мянган ам.доллар, БНСУ-д 50 гаруй мянган ам.доллар, Хятдад 60 мянган ам.долларын ханштай. Ийм хэмжээний мөнгө зарцуулаад эмчлүүлэх хүн тоотой шүү дээ.
Эх сурвалж: http://emch.mn/