2014 онд нялхсын эндэгдэл өмнөх оноос 0.4 промиллээр өсчээ
2015-03-15 21:23:09.0 0
2014 онд нялхсын эндэгдэл өмнөх оноос 0.4 промиллээр өсчээ

“Мянганы хөгжлийн дөрөвдүгээр зорилт-Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” улсын зөвлөлгөөн энэ долоо хоногт боллоо. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүд болон нийслэлийн хүүхдийн зохицуулагч, зарим аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Зөвлөгөөний үеэр “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, цаашдын чиг хандлага”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнг хэлэлцэн, аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны туршлагаа харилцан солилцлоо.

Монгол Улсад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 97.2 байсан бол 2012 онд 18.9 болж, 22 жилийн дотор 80.5 хувиар буурсан боловч зарим бүс нутаг, аймгуудад хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр байна. Мөн 2014 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0.4, нялхсын эндэгдэл 0.7 промиллээр өмнөх оноос өссөн.

2014 оны статистик мэдээллээр 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83 хувь нь нялхсын эндэгдэл, нялхсын эндэгдлийн 65,3 хувь нь нярайн эндэгдэл, нярайн эндэгдлийн 81,4 хувь нь эрт нярай үеийн эндэгдэл байгаа юм.

Мөн хүүхдийн эндэгдэлд ахуйн осол гэмтлийн шалтгаан ихсэх хандлагатай болж гэнэтийн осол, гэмтэл, эцэг, эх, гэр бүлийн гишүүдийн хүүхэд асран хамгаалах мэдлэг, чадвар сул байгаагаас нас барж байгаа 5 хүүхэд тутмын нэг нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Иймд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад нярайн эндэгдэл, осол гэмтлийн шалтгаантай болон хатгаа, суулгалт зэрэг сэргийлж болох эндэгдлийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг зөвлөгөөнд оролцогсод онцлон тэмдэглэв.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Тандалтын алба байгуулагдаж, эх, нярайн өвчлөл, эндэгдлийн мэдээллийг 7 хоногоор авч, цахим хурлыг хийж, мэргэжил арга зүйгээр хангаж ирсэн. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хэрэгжүүлэх 2014-2020 оны стратеги төлөвлөгөө, нярайн тандалт шинжилгээний хөтөлбөр батлагджээ.

Эх сурвалж: Сэтгүүлч Э.Оргил | GoGo.mn

Мэдээ бичсэн: С.Админ, Мэдээ
Сэтгэгдэл үлдээх
0 Сэтгэгдэл
    Copyrights ©2015: Digital Medic LLC
    `