Бактериологийн шинжилгээ гэдэг нь цус, шээс, арьсан дээрх яр, шарх ба түүнээс ялгарах шингэн ялгадас, хагалгааны шарх, гуурс, залгиурын арчдас ( хоолойн арчдас), нугасны ус гэх мэт биологийн шингэнд ямар эмгэг төрөгч ( өвчин үүсгэж байгаа нян) байна гэдгийг илрүүлэн түүнд тохирох антибиотикийг тодорхойлдог шинжилгээ юм.
Уг шинжилгээний хариуг үндэслэн, хэрэглэвэл зохих антибиотикийг сонгохын зэрэгцээ дараагийн шатны антибиотикийн сонголтыг хийх боломж олгодог эмчилгээний ач холбогдолтой байдаг. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гардаг тул шинжилгээг өгсөний дараа өргөн хүрээний антибиотикийг хэрэглэж болно.
Шинжилгээг өгөх үед дараах нийтлэг зүйлийг анхаарах хэрэгтэй :
Шинжилгээ өгөхөөс өмнө ямар нэгэн антибиотик хэрэглээгүй байх хэрэгтэй. Учир нь антибиотикийн эхний тунг ууснаар тухайн эмгэг төрөгчийн өсөлтөнд нөлөөлж эхэлдэг тул шинжилгээ хуурамч сөрөг гарах магадлалтай. Энэ нь тухайн эмгэг төрөгч биед байгаа хэрнээ байхгүй мэт хариу гарна гэсэн үг. Хэрэв ийм хариу гарвал эмчилгээнд антибиотик авахгүй байх ба энэ нь өвчинг улам хүндрүүлэх талтай юм.
Шинжилгээг заавал эмнэлгийн нөхцөлд эмнэлгийн ажилтнаар авахуулах хэрэгтэй.
Дээр дурьдсанчлан олон төрлийн газраас сорьц авдаг тул тухайн шинжилгээг өгөхдөө ямар бэлтгэл хангасан байх ёстой талаар эмч болон лабораторийн ажилтнаас асуух
Шинжилгээг өглөө эрт өгдөг.
Бид түгээмэл шээс, залгиурын арчдасын шинжилгээ өгдөг.Тиймээс энэхүү шинжилгээнд хэрхэн бэлдэх талаар дурдъя.
Шээсний бактериологи шинжилгээг өгөхөд:
Дээрх нийтлэг шаардлагыг хангана.
Тухайн лабораториос тусгай ариун сав авна.
Гадна бэлэг эрхтэнийг бүлээн усаар угаан, өглөө өлөн үеийн хамгийн эхний шээсний дунд хэсгээс 100-200 мл таслан авна.
Бага насны хүүхдийг ариун савандаа тосон шээлгэж авна. Аяга болон хөтөвчинд шээсэн шээсийг ариун сав руу юүлэх нь тэрхүү савандахь бусад бичил биетнээр бохирдох болно. Ингэснээр шинжилгээний хариу хуурамч эерэг хариу гарах магадлалтай.
Савны гадна талд өөрийн нэр, нас, хүйсээ тодорхой бичин хаяглана.
Лабораторит тэр даруй авчирч өгнө. Гэхдээ шээсийг хэт дааруулж, удааж болохгүйг анхаарах хэрэгтэй.
Залгиурын арчдасын шинжилгээг өгөхөд:
Дээрх нийтлэг шаардлагыг хангана.
Залгиурын ар ханаас ариун бамбараар арчин сорьц авдаг тул огиж бөөлжихөөс болгоомжлох хэрэгтэй.
Юм идэж, уугаагүй, шүдээ угаагаагүй байх хэрэгтэй.
Нярай хүүхдийг өлөн байлгах нь хэцүү байдаг тул хөхөө хөхөхийн өмнө болон хөхсөний дараа дор хаяж 2 цагийн дараа шинжилгээг өгнө.
Хүүхэд залгиураас шинжилгээ авахад айснаас болоод их хөдөлдөг тул амыг нь сайтар ангайлган хэл дарагч ашиглан авна.
Шинжилгээ авч дууссаны дараа юм идэж ууж болно.
Эх сурвалж: http://ggh.mn/